“ббэхс” төхк-ийн Ажилтан сонгон

шалгаруулах журам

 

Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл

    1. Энэхүү журмын зорилго нь Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтан сонгон шалгаруулж авах харилцааг зохицуулахад оршино.
    2. Энэхүү журам нь компанийн хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад хууль тогтоомж, журмуудтай нийцсэн байна.
    3. Ажилтан сонгон шалгаруулах журмын хэрэгжилтийг Захиргаа, удирдлагын хэлтэс  хариуцан хяналт тавьж ажиллана.

Хоёрдугаар зүйл. Нэр томъёоны тайлбар

2.1 “ажил горилогч” гэж компаниас зарлагдсан нээлттэй ажлын байранд хүсэлт гаргаж буй иргэнийг,

2.2 “захиалагч” гэж ажлын байран дээр ажиллах шаардлагатай хүний нөөцийн захиалгыг гаргаж буй эрх бүхий албан тушаалтныг,

2.3 “шууд удирдлага” гэж ажилтны өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар удирдан чиглүүлж байгаа нэгжийн удирдлагыг,

2.4 “сонгон шалгаруулалт гэж нээлттэй ажлын байранд тавигдах шаардлага хангасан хүнийг сонгон шалгаруулж ажилд авах  үйл ажиллагааг,

2.5 “нээлттэй ажлын байр” гэж компани ажилтан авахаар хайж буй ажлын байрыг,

2.6 “туршилтын хугацаа” гэж ажилтныг тухайн ажлын байранд туршин дадлагажуулан ажиллуулах хугацааг,

2.7 “үндсэн ажилтан” гэж байнгын ажлын байран дээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг,

2.8 “туршилтын хугацааны ажилтан” гэж дадлагажих хугацаагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг,

2.9 “гадаад эх үүсвэр” гэж олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон бусад байгууллага, хувь хүмүүсээс сонгон шалгаруулалт хийх процессыг,

2.10 “дотоод эх үүсвэр” гэж компани дотроосоо шаардлага хангасан ажилтныг шилжүүлэх, албан тушаал ахиулах үйл ажиллагааг

 

 

Гуравдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын үед баримтлах зарчим

    1. Компанийн  дотоод журам, ажилтан сонгон шалгаруулах журам, Монгол улсын иргэний тухай хууль, Хөдөлмөрийн  тухай хууль, бусад дүрэм журмыг дагаж мөрдөнө.
    1. .     Ил тод, нээлттэй шударга өрсөлдөөнтэй, ялгаварлан гадуурхах үзэлгүй,   

      сүүлийн үеийн технологи ашиглан өөрийгөө харуулах бодит боломж

      олгоно.

    1. Ажилтанг ажилд сонгон шалгаруулж авахдаа тухайн албан тушаал ажил үүргийн онцлог шаардлагад нийцсэн хувь хүнийг шалгаруулах зарчим баримтална.

Дөрөвдүгээр зүйл. Хүний нөөцийн төлөвлөлт, бүрдүүлэлт

    1. Захиргаа, хүний нөөцийн алба нь орон тооны төлөвлөлтийг компанийн бизнес төлөвлөгөөтэй уялдуулан компанийн удирдлагуудтай хамтран бүтцийн санал гаргаж Гүйцэтгэх захиралд танилцуулна.
    2.  Уг саналыг Гүйцэтгэх захирал Төлөөлөн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулна.
    3. Нэгжийн удирдлага Төлөөлөн удирдах зөвлөлөөс батласан орон тооны дагуу шаардлагатай сул байгаа орон тоон дээр шинэ ажилтан авах захиалгыг Захиргаа, хүний нөөцийн албанд өгнө.
    4. Захиргаа, хүний нөөцийн алба нь хүний нөөцийн захиалгыг авч судласны үндсэн дээр Гүйцэтгэх захиралд санал оруулна
    5.  Хүний нөөцийн бүрдүүлэлтэнд дараах эх үүсвэрийг ашиглана.
  • Дотоод эх үүсвэр
  • Компани дотроо албан тушаал дэвшүүлэх
  • Өөр ажил албанд шилжүүлэх
  • Гадаад эх үүсвэр
  • Төрөл бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл
  • Мэргэжлийн зар сурталчилгааны агентлаг
  • Хөдөлмөрийн биржүүд
  • Интернетийн сайтууд
  • Их дээд болон мэргэжлийн сургуулиуд
    1. Ажлын байр шинээр бий болох болон сул орон тоо гарсан тохиолдолд дотоод эх үүсвэрээс ажилтан сонгон ажиллуулах бөгөөд тухайн албан тушаалд сонгогдох ажилтан байхгүй бол гадаад эх үүсвэрийг ашиглана.
    2.  Ажил горилогчийн мэдээллийг “ББЭХС” ТӨХК-д ажилд орохыг хүсэгчийн анкетын дагуу авна.

 

Тавдугаар зүйл. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах.

5.1 ЗУХ нь сул чөлөөтэй болон шинээр бий болсон ажлын байрны зарыг олон нийтэд зарлана.

5.2 Сонгон шалгаруулатанд оролцох иргэнийг тогтоосон хугацаанд бүртгэж шаардлагатай бичиг  баримттай танилцан бүртгэл дууссаны дараа сонгон шалгаруулалт явагдах хугацааг оролцох хүн бүрт мэдэгдэнэ.

5.3 Сонгон шалгаруулалтын комисс нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ба комиссын дарга, хүний нөөцийн менежер болон мэргэжлийн дагуу мэдлэг,  чадвар туршлага сайтай ажилтанг оролцуулна. Шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн хяналт тавих ажиглагчийг оролцуулж болно.

5.4 Мэргэжлээрээ ажилласан дадлага, туршлага илт давуу буюу гоц авъяастай иргэнийг ярилцлага хийсний үндсэн дээр уг ажлын байранд шууд авч ажиллуулж болно.

 

Зургадугаар зүйл. Сонгон шалгаруулалт явуулах комиссын чиг үүрэг.

6.1 Сонгон шалгаруулалтанд оролцох иргэдийн материалтай танилцах, ярилцлага хийх, шалгалтын асуулт боловсруулах, шалгалт авах.

6.2  Сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудсаар дүгнэж дүнг хурлаараа хэлэлцэн, шалгаруулалтанд оролцсон иргэдийн онооны жагсаалтыг гаргах

6.3 Сонгон шалгаруулалтын дүнг оролцогчдод танилцуулах, тайланг бичих, гүйцэтгэх захиралд танилцуулах, материалыг архивлах.

6.4 Сонгон шалгаруулалттай холбоотой санал гомдлыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэх үүргийг тус тус хүлээнэ.

 

Долдугаар зүйл. Сонгон шалгаруулалт

    1. Анкетын шалгаруулалт: Нээлттэй ажлын байрны зарын дагуу ирүүлсэн ажил горилогчдын материалыг судалж анкетын сонгон шалгаруулалт хийнэ.
    2. Ажил горилогч нь анкетаа дараах материалын хамт ирүүлнэ.
  • Ажил горилогчийн анкет /цаасан болон цахим хэлбэрээр/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар/нотариатаар баталгаажуулсан/
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Намтар
  • Эрүүл мэндийн хуудас
    1. Анхан шатны ярилцлага: Анхан шатны ярилцлагын зорилго нь ажил горилогчдын зан байдал, хандлагын хувьд байгууллагын соёлд нийцэх эсэх, ажлын байрны тодорхойлолтод заасан ур чадвар, шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг ерөнхийд нь тодорхойлоход оршино.
    2. Анхан шатны ярилцлагын үед ажил горилогчоос /Хавсралт/ заасан асуултуудын дагуу асууна.
    3. Бүх шатны ярилцлагаар ажил горилогчийг тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагыг хангаж буй эсэхийг Ярилцлагын үнэлгээний хуудас /Хавсралт/-ын дагуу үнэлгээ өгч дараагийн шатны ярилцлагад оруулах эсэх болон холбогдох шийдвэрийг гаргаж баталгаажуулна.
    4. Сонгон шалгаруулалтын тест: Анхан шатны ярилцлагад тэнцсэн ажил горилогчоос сонгон шалгаруулалтын тест, шалгалтыг авна.
    5. Сонгон шалгаруулалтын тест нь суурь болон мэргэжлийн шалгалт,IQ  тестээс  бүрдэнэ.
    6. Сонгон шалгаруулалтын тестийг жил бүр шинэчилж, 3-аас дээш хувилбартайгаар боловсруулна.
    7. Сонгон шалгаруулалтын тест болон шалгалтын материалын эх хувийг зөвхөн Захиргаа, удирдлагын хэлтэс  хадгална.
    8. Хоёр дахь шатны ярилцлага:
    9. Хоёр дахь  шатны ярилцлагын зорилго нь тухайн ажил горилогчийн мэргэжлийн ур чадварыг тодорхойлоход оршино.
    10. Албан тушаалын зэрэглэл, тухайн ажил горилогчоос хамаарч ярилцлагыг 2-3 удаа хийж болно.
    11. Ажилд авах шийдвэр гаргах: Ажилд авах эцсийн шийдвэрийг сонгон шалгаруулалтын үнэлгээний хуудасны оноо болон ярилцлага хийсэн ажилтнуудын нэгдсэн саналд үндэслэн  гаргана.
    12. Сонгон шалгаруулалтын үед тухайн ажлын байрны онцлогоос хамаарч сонгон шалгаруулалтын нэмэлт аргуудыг ашиглаж болно.
    13. Сонгон шалгаруулалтын нэмэлт аргуудад дасгал ажиллуулах, гэрийн даалгавар өгөх  гэх зэрэг хувь хүний мэдлэг чадварыг шалгахад чиглэсэн хэлбэрүүд байж болно.
    14. Захиргаа, хүний нөөцийн алба нь сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчид ажилд авах шийдвэрийн талаар мэдэгдэж ажлын санал тавина.
    15. Ажил горилогчийг Гүйцэтгэх захирлын тушаалаар ажилд томилох ба томилогдож буй албан тушаал, цалингийн хэмжээг тодорхой тусгана.
    16. Ажилтантай Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журамд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулна.
    17. Захиргаа, хүний нөөцийн алба нь ажилтны анкет, намтар /CV/ ярилцлагын дүгнэлт, шалгалтын материал болон ажил горилогчтой холбоотой бусад бүх мэдээллийг ажилтны хувийн хэрэгт хадгална.
    18. Шинээр ажилд орж буй ажилтан Ажилтны хувийн хэргийн бүрдүүлэлт дүн бүртгэл, судалгааны журамд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ.
    19. Хоёрдугаар шатны ярилцлагаас хасагдсан ажил горилогчийг хүний нөөцөд  бүртгэнэ.
    20. Компанийн дээд албан тушаалтныг сонгон шалгаруулж авахад энэ журам үйлчлэхгүй байж болно.

                    Наймдугаар зүйл. Туршилтын хугацаагаар ажиллуулах

8.1 Ажилтан тухайн үүрэгт ажилдаа мэргэжлийн мэдлэг, ур чадварын хувьд тэнцэх эсэх, ажлын гүйцэтгэл, дадлага туршлага хангалттай эсэх болон бие хүний хувьд таних, дадлагажуулах зорилгоор 3 хүртлэх сарын туршилтын хугацаагаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулна.

8.2 Туршилтын хугацаа 3 сараас хэтрэхгүй байна.

8.3 Туршилтын хугацаа нь ажилтны  сонгон шалгаруулалтын эцсийн үе шат байна.

8.4 Туршилтын хугацаанд ажилтан Дагалдан суралцах хөтөлбөрийн дагуу ажиллана.

8.5 Туршилтын хугацаанд тухайн ажилтныг мэргэжлийн зэрэг олгох бууруулах журмын дагуу цалинжуулна.

8.6 Туршилтын ажилтан нь өндөр ур чадвартай, байгууллагын соёлд нийцэх нь тогтоогдсон тохиолдолд туршилтын хугацаанаас өмнө жинхэлж болно.

8.7 Ажилтан туршилтын хугацаанд хийсэн ажлын тайланг бичнэ.

8.8 Шууд удирдлага нь ажилтны туршилтын хугацааны ажлын үр дүн, мэргэжлийн ур чавдар, идэвх санаачлага, ажилд хандах хандлага, ёсзүй зэргийг үнэлж саналын хамтаар Захиргаа, удирдлагын хэлтэсд хүргүүлнэ.

8.9 Ажилтны туршилтын үнэлгээ ..... ба түүнээс дээш гарсан тохиолдолд ажилтанг жинхэлнэ.

8.10 Туршилтын хугацаанд ажилтанг уг албан тушаалд хангалтгүй гэж шууд ба хариуцсан удирдлагууд үнэлсэн тохиолдолд удирдлагын саналыг үндэслэн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоно.

  • Хаяг : Увс аймаг,Улаангом сум, 10-р баг, 85200


© Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК 2025 он
  • Мэйл : wes@wes.mn
  • Утас : 70453385
  • Факс : +976 70453385